Аймгийн Алдарт уяач М.Батхишиг: Хоёр азарга, хоёр хар мориор л энэ хавийн наадмыг дархалсан хүн дээ, би

А.Тэлмэн
2018 оны 3-р сарын 21 -нд

Булган аймгийн Бүрэгхангай сумын уугуул, аймгийн Алдарт уяач Мянганы Батхишигийг уншигчдадаа танилцуулж байна. 1963 онд төрсөн тэрээр 2009 онд Булган аймгийн анхны шилдгийн шилдэг уяач болж байжээ.

-Та амгалан байна уу. Эрийн хийморь сэргээсэн хурдан хүлгүүдийнхээ айраг, түрүү хүртсэн түүхээс сонирхуулаач?
-Амгалан байна аа. 2010 онд Булган аймгийн өвлийн бүсийн уралдаанд миний хоёр хар морины нэг түрүүлснээр хүлгүүдийн маань амжилтын буухиа эхэлсэн юм. Хоёр хар морио 2011 онд өнжөөгөөд, 2012 онд уралдуулахад мөн дахиад л түрүүлж байлаа.  Эхний жил олон бага насны адуу уяад, гурван бага насны түрүүг гурвууланг нь авч байлаа.
-Хоёр хар морь хаанахын ямар угшилтай хүлгүүд вэ?
-Бүрэгхангай сумын унаган адуунууд. Би ажиллаж, аж төрж байсан сумынхаа нэгдүгээр бригадын Цэдэн-Иш гэдэг хүнээс хавчиг хар морь худалдаж авсан юм. Хойтон жил нь найзаасаа хөл нь муудсан бас нэг хар морь авсан. Цэдэн-Иш гуайгаас авсан хар морь эхний дөрвөн жил айрагдаагүй, түүнээс хойш л сайжирсан юм. Харин найзаасаа авсан хар морь маань эхний жилээсээ л хурдалж, аймаг, сумын наадмаас олон ч айраг, түрүү хүртсэн дээ. Өрөөсөн хөл нь нүдтэй, жаахан доголдог морь ирсэн юм. Сайн морь эзэн хүндээ ээлтэй гэдэг. 2007-2008 оны үед машиндаа жаахан сэлбэг авах гэж яваад найзындаа буудаллахдаа тэр хар морийг хямдхаан авсан юм. Тэгээд өвөл нь 12 дугаар сард морьдоо барьж уях гээд хар морио авахаар очтол эхнэр нь хөл хүнд, өвдөөд эхэлчихсэн байсан. Би морио хүнд унуулж явуулчихаад, эхнэрийг нь төрөх эмнэлэгт хүргэж өгч билээ. Найз маань дараа нь “Чи л ирж эхнэрийн минь аминд орсон шүү” гэхэд нь би “Миний буян гэж юу байх вэ, сайн морины чинь л буян” гэж хариулсан даа. Сайн морь эзнээ аварна гэдэг чинь л тэр. Тэгээд би хар морио хүний амь аварсан сайхан хурдан буян гэж боддог юм.
Ах нь насаар чацуу ийм хоёр хар морьтой хүн дээ. Цэдэн-Иш гуайгаас авсан нь 31, нөгөө нь 10 гаруй медальтай.
-Цэдэн-Иш гуайгаас авсан хар морь Булган аймгийн өвлийн бүсийн уралдаанд түрүүлснээс өөр ямар, ямар амжилт үзүүлсэн бэ?
-Заамар, Баяннуурын сар шинийн баяр болон Гурванбулагт түрүүлээд, хавар нь Эрдэнэтийн Алдарт уяачдын баяраар түрүүлсэн. Дөрөвдүгээр сарын нэгэнд Булган аймгийн Орхон суманд аймгийн статустай, бооцоотой уралдаан болдог байсан. Тэр уралдаанд бас түрүүлсэн.
-Та сая дан өвөл, хаврын уралдааны амжилт ярилаа. Зун нь хэрхэн уралдаж байв?
-Зуны амжилт ер нь байхгүй шүү. Булган аймгийн наадамд нэг удаа зургаалсан. Хавар, намар л сайн давхидаг байсан юм. Малчны хөндийд 20 км-ийн уралдаан зохиодог байхад олон удаа түрүүлж байлаа.
“Авзага трейд”-ийн Мэндбаяр төрсөн нутгийнхаа овоог тахиж, уралдаан зохион байгуулахад Баян-Агт руу очиж түрүүлсэн. Голлох амжилтаа 2009 онд үзүүлсэн юм. 31 медалийн 20 гаруйг нь тэр жил авсан. Өвлийн уралдааны л гэхэд таван түрүүтэй.
-Тэдгээр уралдаанаас хэд нь аймгийн статустай байсан юм бол?
-Тэр жил аймгийн чанартай дөрвөн уралдаанд л лав айрагдсан.
-Хөл муутай хар морь нь ямар, ямар амжилт үзүүлсэн юм бэ?
-2005, 2006 онд олон айраг, түрүү хүртсэн.
-Хоёр хар мориноос өөр ямар, ямар сайхан хурдан хүлгүүд танд заяаж, нэр алдрыг тань дуурсгав?
-Өнгөрсөн хавар /2016/ Хэнтий аймагт очиж наадлаа. 18 аймгийн Залуу уяачдын холбоо байгуулагдсаны, мөн Чингис хотын 170 жилийн ойд зориулсан дан монгол морьдын уралдаан болсон.
Би өвөл нь Булган аймгийн Наваантуяа гэдэг залууд унаган саарал үрээгээ бэлэглэсэн юм. Тэр үрээ маань Хэнтий аймагт очоод шүдлэнд айрагдсан. Би хоёр насны адуутай очсон л доо, их насны морины хүүхэд нь ойчоод. Саарал үрээ маань Жавхлант шаргад айрагдсан дөрвөн үрээтэй уралдаж гуравлалаа. Хавар нь Эрдэнэтэд эрлийзүүдтэй уралдаж тавласан юм. Шар үстэй, жижигхэн монгол шүдлэн. Төрсөн ах нь Булган аймгийн баяр наадамд гурван жил дараалан түрүүлсэн саарал азарга бий.
Ах нь төрийн наадамд очиж уралдаж үзээгүй. Сумын ойн наадмуудаар голдуухан л явдаг юм. Нэг өдөр гурван ойн наадамд морь мордуулж ч байлаа.
-Тэр тухайгаа тодруулаач?
-Өргөний алтны уурхайд миний нэг хуурай дүү ажилладаг юм. Тэр маань “Манай  сумын ой болох гэж байна” гээд намайг Хужиртад наадаж явахад дууддаг юм байна. Тэгэхэд ИТХ-ын дарга миний унаган даагыг Сэлэнгийн Шарын гол сумын ойн уралдаанд уралдуулна гэж бас авсан юм. Тэр даага Шарын голд очиж эрлийзүүдтэй уралдаж түрүүлээд, Дорноговийн Өргөнд хүү Дэндэвдорж маань хар үрээгээ хол түрүүлгэж, бор даага тавласан. Би өөрөө Хужиртад хязаалан үрэээгээ эрлийзүүдтэй уралдуулж айргийн гуравт давхиулж байлаа.
-Хэнтийд айрагдсан үрээ тань хаанахын ямар угшилтай адуу вэ?
-Булган аймгийн Баяннуур сумын наадамд хол түрүүлсэн хонгор шүдлэн үрээг би хязаалан авч азарга тавьсан юм. Тэр азарганы төл. Түүний дүү нь сартай саарал үрээ байдаг юм.
Ах нь ер нь Дорнод, Сүхбаатар руу явж адуу мал худалдаж авдаггүй юм. Өөрийн нутгийн унаган гүүнүүдийн төлүүдээр голдуухан нааддаг. Би ч хар нялхаасаа морь унаж, дараа нь уяж байгаад цэрэгт татагдсан хүн. Булганхангайн номонд тодорхой бичсэн байна лээ дээ, “Булган аймгийн Бүрэгхангай сумын Мянганы Батхишиг гэдэг залуу 1981 онд 18 настай цэрэгт мордохдоо надад уяан дээрээсээ сайхан булган сүүлтэй хүрэн морио өгчихөөд явж байсан. Түүнээс хойш миний олон бага нас сайн давхиж, айраг түрүү авч, амжилтын минь зам нээгдсэн юм” гэж аймгийн Алдарт уяач Гүнсэнбазар хэлснийг. 
-Цэргээс ирээд морь уялгүй хэдэн жил завсарласан юм байна. Хүндэтгэх шалтгаантай л байсан байлгүй?
-Хөл, гар муутай гээд морь мал уялгүй, хэдэн жил тоглоом наадам хөөж гүйсэн юм. Харин хүүтэй болсноосоо хойш эргээд адуунд орсон. Намайг багадаа ямар сайхан морь унаж, уяж явсныг тэр үеийн залуус мэдэхгүй л дээ. Тиймдээ ч өмч хувьчлалаар жигтэйхэн олон малтай болчихсон залуус намайг элдвээр хэлдэг л байлаа. Тэгж хэлүүлж байж ч би тэдэнд жинхэнэ төрхөө харуулах байсан биз.
Миний хүү, охин хоёр хоёулаа адуунд дуртай. Тэр хоёртоо л хурдан адуу цуглуулах зорилгоор хоёр азарган үрээ худалдаж авсан юм. Нэг нь Төв аймгийн Заамарын Гүндсамбуугийн бор гэж Хэнтийн гаралтай азарган үрээ, нөгөө нь Баяннуураас авсан хонгор азарга. Хонгор азарганы удам судрыг нь хөөвөл Төв аймгийн Сэргэлэн сумын Жанчив гэдэг хүний адуунаас тасдаж хүрэн гүү дагасан хонгор унага анх авч ирж байсан юм гэнэ лээ. Ингээд шүдлэндээ Баяннуурт хол тасархай түрүүлчихсэн хязаалан авч байлаа. Тэр жилдээ Бүрэгхангайн баяр наадамд аман хүзүүдсэн. Тэгэхэд миний ажил л дутуудсан юм.
Хойтон жил нь ганц сайхан соёолон үрээ авмаар санагдаад болдоггүй. Төв аймгийн Заамар сумын харьяат, аймгийн Алдарт уяач Дуламсүрэнгийн Лхагваа ахад энэ санаагаа хэлтэл “Гүндсамбуу гуайн бор үрээг л ав” гэж зөвлөсөн юм. Би ч тэр шөнөдөө Гүндсамбуу гуайтай очиж уулзаад, бор үрээг нь сая төгрөгөөр худалдаж авч байлаа.
-Хонгор азарга тань хязааландаа сумын баяр наадамд аман хүзүүдсэнээсээ хойш ямар, ямар амжилт үзүүлсэн бэ?
-Өвлийн уралдаанд ганц, хоёр айрагдаад хөл муутай болчихсон юм. Тэгсэн Заамар сумын араар нутагладаг Чалхаагийн Уламбаяр гэдэг моринд дуртай залуу “Би хонгор азаргыг тань аваад, хоёр жил төлийг нь авъя” гэдэг юм байна. Би тэгэхээр нь “Миний хүү хоёр жил төлийг нь аваад л бойлоорой. Миний хонгор азаргыг зовоож болохгүй шүү” гэж захиад өгчихсөн.
-2016 оны улсын баяр наадамд их насны морь зургаагаар давхиулсан Уламбаяр мөн үү?
-Мөөн, би ноднин өгсөн юм. Энэ жил янзын тарган л орсон байна лээ. 
-Гүндсамбуу гуайгаас авсан бор үрээ танд олон жил буянаа хайрласан уу?
-Тэгсээн, бас л арав гаруй медальтай. Сүүлдээ сэлдээ нь хавдаад, хөл муутай болчихсон юм. Одоо төлүүд нь давхиж байна, хурдан байна аа.
-Багийн өдөрлөгт хязаалангаа соёолонд уралдуулаад түрүү хүртчихлээ гэж ярихыг тань сонссон юм. Бор, хонгор азарганы төлүүд үү?
-Мөн, мөн. Багийн өдөрлөгт их нас, соёолон хоёр мордууллаа.
Энэ жил /2017/ Бүрэгхангай суманд Булган аймгийн бүсийн уралдаан болсон доо. Би өөрөө Сэлэнгэ аймгийн улсын бүсийн уралдаан руу явчихсан байсан. Сэлэнгийн улсын бүс, Бүрэгхангай сумын Хоёр түмэн адууны баяр хоёр нэг өдөр болсон юм. Нэг соёолон маань бүсээсээ гуравласан, сумаасаа бол хол түрүүлж байгаа юм.
Мөн Сайхан сумын Дөрвөн түмэн адууны баярт аман хүзүүдсэн хар даага бий. Ноднин шүдлэнд нь Эрдэнэтийн нэг сайн дүүдээ өгчихсөн. Тэр ноднин аймгийн баяр наадамд аман хүзүү, сая аймгийн бүсийн уралдаанд дөрвөөр давхилаа. Тэр бүсийн уралдаанд манай хүүгийн соёолон саарал үрээ гурваар давхисан.
Саяхан Орхон сумын Баянхангайн өвөрт нэг залуу Мянгат малчны баяраа хийж соёолонгийн уралдаан зохион байгуулах гэж байна гэж сонсоод, гурван хязаалантайгаа очиж, соёолонд уралдуулаад нэг хүрэн хязаалан түрүүлж, хонгор азарганы маань төл хонгор хязаалан аман хүзүүдэж, Бүрэгхангайд болсон бүсийн уралдаанд тавласан үрээ маань гуравлалаа. Хүрэн хязаалан нь Булган аймгийн Алдарт уяач Наяндуны унаган адуу, энэ жил над дээр уягдаж байгаа юм. Дөрөвт бас манай хул үрээ орсон. Хар үрээ маань долоо, наймаар давхисан. Ингээд хоёр хоногийн зайтай 10 гаруй адуу мордуулчихаад л сууж байна даа.
-Танай нутгийнхан “Адуу ханиалгаад байна” гэхийг олонтаа сонслоо. Таны үеийн хөгшчүүдэд адууны ханиалгыг нам дардаг өөрийн гэсэн жор байдаг л байлгүй.
-Би багаасаа л ээжийнхээ ахыг дагаж морь унадаг байлаа. Тэр үед хаврын цагт ханиалгасан адууг барьж аваад дэгд буцалгаж өгнө, бургасны хальс өгнө, бургас шовхолж байгаад тагнайг нь хатгаад л тавьчихна. Түүнээс хойш би айхтар адуу малтай ноцолдсон биш, сүүлийн үед л энэ ханиадыг эмчилж чадахгүй болчихоод байна. Эхэндээ ч хүний хэлснээр хүн эмнэлгийн баахан тариа хийдэг байлаа. Одоо ч цагаан тарианаас өөр зүйл хэрэглэхээ больсоон.
-2009 онд аймгийн Алдарт уяач цол хүртэхдээ аймгийн статустай наадмаас хэчнээн түрүү, айрагтай байсан бэ?
-Аймгийн статустай уралдаанаас 12 айрагтай гэж байсан санагдаж байна. Одоо бол 20 гарчихсан.
Анх хүүгээ аймгийн Алдарт уяач цолонд тодорхойлуулсан, дарга нар загнаад хойшлуулчихсан юм. Тэгээд хойтон жил нь цолыг нь өгсөн. Хүү маань их залуухан, 22-23 настайдаа аймгийн Алдарт уяач цол хүртсэн юм шүү дээ.
-Та унаган адуугаараа голдуухан нааддаг гэж ярьсан. Таны өвөг дээдэс морь уядаг, адуу сайтай улс байжээ дээ?
-Буурал ахын маань буян байдаг байх. Миний ээж Мянган гэдэг гэж долоон хүүхэдтэй хүн байсан юм.
Бүрэгхангайд мянган ламтай хүрээ байсан гэнэ лээ. Тэнд долоохон аранжамба цолтой хүн байсны нэг нь манай ээжийн өвөг эцэг Дэндэв гэдэг хүн байсан юм гэнэ лээ. Их баян лам байсан гэдэг юм. Тэгээд ээжийн дээр хоёр ах, нэг эгч өргөж авсан юм билээ. Тухайн үед мянган хонийг түмэн хонь гэж ярьдаг байж л дээ. Өвөө маань охиндоо хониныхоо тоогоор нэр хайрласан гэдэг юм.
Уяач удмын тухайд ээжийн маань өргөмөл ах Содномжамц хурдан цавьдар азаргатай байлаа. Цавьдар азарга нь Сайхан сумын анхны Түмэн адууны баярт түрүүлж байлаа. Би ч Дамбын хээр тэргүүтэй алдартай хүлгүүдийг унаж, олон ч айраг, түрүү авсан. Содномжамц ахынхаа дэргэд өссөнийхөө буянаар л уяаны эрдэмд дөртэй болсон хүн дээ, би.
-Таны хувьд төрийн наадмыг зорьж байсангүй. Тэгэхээр оролцсон уралдаануудаас хамгийн даацтай нь хэдэн оны ямар наадам байв?
-Аймгийн баяр наадам л миний хувьд хамгийн том наадам даа. Тэр сайхан наадамд саарал үрээ маань гурван жил дараалан түрүүллээ.
-Таны нэр дээр уралдаж түрүүлсэн юм уу?
-Үгүй ээ, хүмүүс л Батхишигийн саарал гэдэг болохоос биш, тэр саарал үрээ хүүгийн нэр дээр уралддаг юм. Аймгийн наадамд үрээ түрүүлснээс хойш 10 гаруй жил өнжилгүй оролцож байна.
-Нутгийнхан таныг бага адуу сайн уралдуулдаг, хүлгүүд нь айргийн тавд дараалаад л ирдэг гэлцдэг юм билээ. Бага адууны уяа сойлгын онцлог юунд оршдог талаар тодорхой ярьж өгөөч?
-Би уг нь хоёр хар морь, хоёр азаргаараа л энэ хавийг дархалчихсан хүн шүү дээ. Сүүлийн үед л дээд гурван нас муухан уядаг, доод гурван нас сайн уядаг гэлцдэг болсон байна лээ.
Ах нь олон даага тэжээчихдэг юм. Хүмүүс бол нэмнээд л пинд хийчихдэг юм билээ. Би бол хонины цагаан хашааг тойруулаад уячихдаг. Тэгээд тэжээлээ хэзээ идэж, хужраа хэзээ долоож, түмпэнгээс хэзээ усаа ууж сурах хүртэл нь уячихдаг. Өвөл нэмнэдэг ч үгүй. Усаа ууж, тэжээлээ идээд, хашаан дотроо давхиад хуираа долоодог болмогц нь бэлчээрт гаргана. Өвөл өвс өгөхгүй, уяад л ажил хийгээд эхэлнэ. Би чинь 700-1000 боодол л өвс авдаг хүн. Тэрийгээ тэдэнд өгчихвөл хавар уралдах мориндоо юугаа өгөх билээ. Харин уралдах үедээ л ногоон өвс өгнө. Тиймээс ч миний адуунууд бэлчээрээрээ, үстэй бүрзийсэн юмнууд л байдаг юм. Гэхдээ л Булган аймгийн бооцоотой уралдаан, аймгийн хаврын гурван насанд хэд хэдээрээ л орчихно. Үүнээс үүдэлтэй л намайг бага насны адуу сайн уядаг гэдэг болсон байх.
-Ингэхэд та шинэ цагийн адуу огт цуглуулаагүй хүн юмаа даа?
-Тийм ээ, надад цустай адуу огт байхгүй. 4-5 жилийн өмнө Дарханы нэг залуу Хэнтий аймгийн Баян-Адаргын Ганпүрэв гэдэг хүнээс хоёр, гурван үрээ авч ирээд надаар уяулах гэж ирсэн юм. Эрлийз, Будённый орос цустай л юм гэсэн. Тэр залуу бас нэг ногоон морь Хэнтийгээс авлаа гэсэн. Би дөрөвдүгээр сард Гачууртаас очиж аваад, хавар нь уяж байгаад Булганы Хутаг-Өндөрт аваачиж уралдуулахад замбараагүй хол түрүүлсэн. Өөдөө газарт 55-тай орж байсан шүү. Мөн зун нь Булганы Орхонд километр гаруй зайтай түрүүлсэн. Тэгэхэд Орхоныхон “Манайд ойрын хэдэн жил ингэж хол түрүүлгэсэн хүн байхгүй ээ” гэж хүлээн зөвшөөрч байсан. Тэр аймгийн наадамд түрүүлчихээр л морь байсан даа. Хэнтий, Сүхбаатарт хурдан адуу байдгийг би тэгж л мэдэрсэн хүн. Гэвч тэндээс өөрөө адуу авч үзээгүй л байна.
-Нутгийн адууны хурдыг гайхуулж, шандсыг шагшуулж байгаа танд уншигчдынхаа өмнөөс баяр хүргэж, морь уях төрийн хэрэгт нь улам их амжилт хүсье.
-Баярлалаа. Сайхан хурдан хүлгүүдийнхээ буянаар сайхан л амьдарч байна. Би таван уралдаанч хүүхэдтэй. Хүүхэд гэдэг чинь их буянтай юм. Хүний хүүхдийг махыг нь тасартал морио унуулчихаад гудамжинд хаядаг хүмүүсийг хараад өөрийн эрхгүй бухимддаг юм. Би бол тэднийгээ өөрийн хүүхдүүд шигээ л хайрладаг. Уяач болгоныг л тийм байгаасай гэж хүсдэг дээ.

Ц.Баттуяа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна