Сумын Алдарт уяач Н.ДУГАРЖАВ: БИ ДӨРӨВДҮГЭЭР АНГИАСАА Л МАЛ ДАГАСАН ХҮН

Сэтгүүлч
2024 оны 2-р сарын 07 -нд

“Би 1975 оноос адуу маллаж, жилийн дараа цэрэгт яваад гурван жил алба хийсэн. Ирээд мөн л “Соёмбо” нэгдлийн 2000-3000 адуун дээрээ очсон. Тухайн үед энэ тооны адууг хоёр, гурван хүн хариуцан ажилладаг байлаа. Энэ хугацаанд 200, 300 гүүнээс мөн тооны унага бойжуулсан амжилтаараа Улсын Залуу аварга, Төл бойжуулалтын аварга, “Энх сүрэгтэн” болж ажил хөдөлмөрөө үнэлүүлж явлаа” хэмээн Сүхбаатар аймгийн Асгат сумын Өлзийт I багийн харьяат,  сумын Алдарт уяач  Намжилын Дугаржав яриагаа эхлүүлсэн юм. 

Тэрээр одоогоос 60 жилийн тэртээ Улаан айраг хэмээх газар 13 хүүхэдтэй айлын хоёр дахь нь болон мэндэлсэн бол 17 настай ажил хөдөлмөрийн гараагаа эхлүүлж, өнгөрсөн хугацаанд “Алтангадас” одон, МЗЭ-ийн Төв хорооны алтан медалиар шагнагдаж, 1983 онд Улсын Залуу аварга малчин болж байжээ. 

Ажлын гараагаа хэдэн  онд хаанаас эхэлж байсан бэ? 

-Би чинь дөрөвдүгээр ангиасаа гараад л мал дагасан хүн. Харин 1975 оноос адуу маллаж, жилийн дараа цэрэгт яваад гурван жил алба хийсэн. Ирээд мөн л Соёмбо нэгдлийн 2000-3000 адуун дээрээ очсон. Тухайн үед чинь энэ тооны адууг хоёр, гурван хүн хариуцан ажилладаг байлаа.  Энэ хугацаандаа  200,300 гүүнээс 200,300 унага бойжуулсан амжилтаараа улсын залуу аварга, төл бойжуулалтын аварга, энх сүрэгтэн болж ажил хөдөлмөрөө үнэлүүлсэн нь бий. 
-Тухайн үед нэгдэл адууны тоо толгойгоор хэдэд ордог байв?
-Манай Асгат сум чинь түмэн адууны баяр хийж байсан юм. Нэгдлийн хөгжил мундаг байсан л даа. 
-Таны маллаж байсан адуунууд ямар удам угшилтай байсан юм бол оо? 
-Сайн адуу байна аа. Ядамын саарал азарганы төл манайд их хурдалсан. Авжаагийн буган гүүний төл улаан морь гурав түрүүлсэн. За тэгээд  Батын Лхамсүрэнгийн хар, Чанга Рэнцэнгийн хүрэний удмаас ч байлаа. Сүх-Очирын болон Махбуриадын адуу манайханд болон хамт адуу маллаж байсан найзад байснаас би авч хурдлуулж л байлаа. Манай аав чинь Гавьяат нэгдэлчин, адуучин Намжил гэж хүн байлаа. 1963 оны улсын аварга малчин. Аавын хариулж байсан адуунд гэхэд Сүхбаатар сумын Чинжээ адуу олон байсан. Ганбаатарын ногоон морины хүрэгч гүү ч байлаа. Миний муу аав чинь адуу бас их авна аа. Миний санаж байгаагаас Ням-Осор гэж өвгөнөөс нэг хонгор азарга авч байсан. Бас Аюуш гэж өвгөнөөс хээр морь авч хурдлуулж л байлаа. 
-Аавынхаа тухай дэлгэрэнгүй ярьж өгөөч?
-Миний аав Гомбын Намжил амьд байсан бол өдгөө 80 гарч явах байлаа. Багадаа ядуу айлын хүүхэд байсан болохоор хүний морь гуйж унадаг байсан гэсэн. Удалгүй ч нас биед хүрч, мал маллан, 1963 оны улсын төл бойжуулалтын аварга төлчин гээд таван ханатай гэрээр шагнуулж байлаа. Түүнээс хойш аав энэ зүүн бригадад насаараа адуу хариулсан. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонтой. АИХ-ын депутат ч явлаа. Хүн хөдөлмөрлөж чадвал сайн сайхан амьдраад зогсохгүй амжилтад хүрч болдогийг энэ биеэрээ харуулсан хүн дээ. Аав, ээж маань 13 хүүхэд төрүүлж өсгөсөн улс. Бидний том эгч одоо 64 хүрч байна.
-Адуунд хэр иртэй хүн байсан бэ?

-Адуунд бол чадалтай байсан юм гэнэ билээ. Хүний эмнэг адуунууд сургаж унадаг. Аав нь болох Түжээ Гомбо ч  адуунд иртэй нэгэн явсан гэдэг. 
-Аав тань морь уяад ямар, ямар амжилт гаргаж байв?
-1970 хэдэн оноос л морь авч уяж эхэлсэн.  Лав Батын Лхамсүрэнгийн адууны удамтай Аюушийн хээр морийг авч суманд хоёр оруулсан. Энэ хээрийг долоо, наймтай л авсан болов уу. Аавд ирэхээсээ өмнө 1976 онд соёолон морь түрүүлж байсан юм билээ. Дараа нь Ням-Осорын хонгор азаргыг авч хоёр, гурав ч оруулсан. Тэрийг ч энэ зүүнтээ Сүхбаатар сумаас Ган шүд Банзрагч гэж өвгөнөөс авчирсан юм билээ. Тухайн үедээ Цэвээний Бямбаа гэж хүнтэй хамт яваад өнөөх нь авч л дээ. Тэгээд сумын Алдарт Золбоогийн аав Ням-Очир гэж өвгөнд өгсөн нь хоёр, гурав орж. Тэгээд аав авсан  байдаг юм.  Бас сумынхаа Ембүү Баяраа гэж нэг өвгөний хүрэн морийг  хязааланд нь аваад, соёолон тавлуулаад, суманд арван хэдээр оруулсан. Тэгээд Дарьганга руу авч явж уралдуулаад, ирэхдээ үхүүлчихсэн. Жоохон гутаг байсан юм болов уу даа.  

-Хонгор азарганы төлүүд яаж давхисан юм бэ?
-Төлүүд нь гавиагүй ээ. Нэгдлийн үед бид чинь тав, 10-хан адууны данстай. 
-Харин та уяачийн гараагаа хэрхэн эхлүүлж байв?
-Би яах вэ. Хоёр гурван морь уяад арваад айраг авсан байна. Үүнээс сонирхуулахад, Лхамсүрэнгийн адууны хар азаргаа хязааланд нь энэ суманд болсон жижигхэн наадамд түрүүлгэж байлаа. Цогбаяр гэж өвгөн надад нэг хээр морь бэлэглэснийг хязаалан аман хүзүүдүүлээд, Их ууланд очиж тавлуулаад, Гачууртын Алдарт уяач Атарсайхан авъя гэхээр нь өгчихсөн. 
-Та бол удам залгасан адуучин хүн. Тийм болохоор таны хүүхдүүд адуу маланд эвтэй биз? 

-Би чинь зургаан хүүхэдтэйгээс ганц хүүтэй. Ахынхаа болон өөрийнхөө хэдэн адууг хараад энэ хөдөө ажиллаж амьдарч байна. Бас морь уяна аа. Охид яах вэ, айлын хүн болцгоосон. 
-Нэгдэл тарахад та өөртөө ямар адуутай үлдсэн бэ?
-Гайгүй адуунууд авсан ч ах дүүстээ тараагаад өгчихсөн. Миний өгсөн адуунаас сайхан хурдалж л байлаа. Чука гэж хүнд хонгор азаргатай адуу өгсөн. Тэрэн дотроос ухаа халзан морь, хязааландаа түрүүлсэн. 
-Бидний яриа энд хүрээд өндөрлөж байна. Ярилцсанд баярлалаа.

"Тод магнай" сэтгүүлийн Сүхбаатар аймгийн Асгат сумын тусгай дугаараас...

1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.