Үүдэн цөл шинжит адууг таньсан нь

А.Тэлмэн
2012 оны 6-р сарын 27 -нд

Малчин удмын монгол түмний дунд морины эрдэм чадлыг ном унших лугаа адил хараад л хэлдэг ажигч гярхай, ховор билэгтэн олон байсны нэг нь эл домгийн баатар Шаалуу дайчин юм. Одоогийн Дорноговь аймгийн баруун талын нутаг усны тэр хүнээс суралцан зартай малч, уяач болсон хүн хичнээн байсныгхэн эс мэднэ. Гагцхүү өнөөгийн малчид хойч үеийнхэн, адуунд "хорхойтон" уяачдад сургамжтай болуу хэмээн эл домгийг хүргэж байна.
Түшээт хан аймгийн Говьтүшээ гүний хошууны ноён Цэрэнпил бэйс гэгч одоогоос 200 шахам жилийн өмнөх тэр нэгэн зун Бат-Оршил /Долоон хошуу Даншиг/ наадамд шадар түшмэл ихэс дээдэс, лам хатдаа дагуулан уяач, хөтөч, хөсөгч, бараа бологчдынхоо хамт хөсөглөн хөдөлжээ.
Тэр нэг өдөр Зоргол хайрхан уулын энгэр орчим газарт бууж морьдоо тарлаж хөлслөх гэж байтал морь тэрэгтэй нэгэн /дотор/ хятад бололтой хүн айсуйг хараад "газрын хаанаас хэн гэгч гараад ирэв ээ, морь мал үргэнэ, цааш нь хөөж явуул" гэж хөтөчдөө тушаал буулгажээ. Гэтэл тэдэнтэй хамт явж байсан харц гаралтай Шаалуу дайчин "Би очиж уулзъя" гээд тосч очин удтал ярилцаж ирээд уралдахаар уяж сойсон морьдын дотроос хошууны наадамд хэд хэдэн удаа түрүүлсэн, өнөө жилийн даншиг наадамд ч айраг, түрүү горилж яваа хошуу ноёны "хурдан хүрэн" гэгч морийг нөгөө хятадын тэргэнд хөллөж өгөөд оронд нь хөллөгөөнд явсан шар үсээ гүйцэд хаяагүй янхигар хар саарал морийг нь авчирч хурдан морьдын уяандаа уяжээ. Ингэхэд нь зарим түшмэл Шаалуу дайчинг элдвээр загнан ташуурдахыг завдахад хошуу ноён "байз, та нар хүлээж бай, нэг морь үхээ л би гэж бодъё, аяны алтан шар замд хэрүүл шуугиан битгий гарга" гэж айлдсан нь сайх дайчинг үнэлдэг байсных ажээ.
Шаалуу дайчин гэгч нь морь шинжихдээ гойд авьяастай, эрдэм ухаан төгс ёстой л арван хуруу тэгш хүн байсан гэдэг. Тэрээр сольж авсан хар саарал морио "Харийн нуурт" гурван өдөр умбуулж, хөлсөлж тордож байхыг хамт явагчид нь хараад илт дургүйцэж хурдан хүрэнг үгүй хийчихээд хаа газрын ч юм бэ бүү мэд эцэнхий хөгшин адгуус авчирч уяа бузарлалаа. Ер нь буцъя хэмээн шуугилджээ. Үүнийг ноён мэдмэгцээ сайх дайчинтай уулзаж ярилцахад тэр "Даншиг наадмын их насны морьдын уралдаан болсны дараа хэлэлцэцгээе. Ямар ч гэлээ өдий зам туулсных зорьсон газраа хүрч хийдэг наадмаа хийж, үзэх гэснээ үзэцгээе" гэжээ.
Хэд хоногийн дараа зорьсон газар Хүй мандалд хүрэлцэн очиход газар газрын наадамчид уяачид цугларч жигдрээд байсан гэнэ. Шаалуу дайчин хурдан хүлгүүдийг урьдчилан шинжих санаа өвөрлөн наадамчдын уяа, майхнаар хамт явахыг ноёндоо хүсчээ. Ноён зөвшөөрч тэр хоёр наадамчдын майхан хэсч айраг, архи зооглож зориуд их согтсон дүр үзүүлэн гэр, майхан, уяа бүрийг шахам дураараа хэсч уясан морьдыг ажиглаад буцах замдаа Шаалуу дайчин ноёноосоо ийн асуужээ.
-"За ноён минь манай хар саарлын өмнө гишгэх морь байна уу даа?" гэхэд Ноён "Аа хэн мэдэх вэ, олон л сайхан амьтан байна" гэж чин үнэнээ хэлжээ. Гэтэл Шаалуу дайчин “ том цэнхэр майхны хаяагаар хүрэн юм уу, хээр морины сагаг харагдахыг ажиглав уу, тэр мөн ч хурдан морь юмаа. За яахав  их  насны морь мордуулахад бүтэн биеийг нь үзэж болох байгаа. Тэр цагт учир нь олдох байлгүй" гэхэд ноён,
"Чи нөгөө хар саарлыгаа уралдуулах гээд байгаа юм уу?" гэж дурамжхан асуужээ. Шаалуу дайчин огт дуулсан шинжгүй, тэр ер нь яадаг морь бол доо. Бүхэл бүтэн биеийг нь нэг харвал ч учир бий дээ гэж үглэсээр майхандаа үдэш цоо эрүүл харьжээ.
Их насны морьдыг хөдөлгөхөд Шаалуу дайчин хар саарал мориныхоо сүүлийг яаруу сандруу боож эмээллэн нэг хүүхдийг хүчээр шахам мордуулаад явжээ. Нөгөө хүүхэд тун их дургүйцэж уйлсаар хөдөлжээ. Үүнийг харсан хамт яваа наадамчид нь энэ хар саарал өнөөдөр байтугай маргааш ч ирэхгүй. Урьд хурдан морь гарахад майханд "Түмэн эх" дуулж айргаар мялаагаад мордуулдагсан. Харин өнөөдөр хүүхэд уйлуулж бахируулаад нулимсаар нь мялаагаад мордуулах шив дээ гэж шоолж байхад зарим нэг нь Шаалуу дайчин хангайн боохойд хөгшин морь, нялх хүүхэд хоёроор /гүнцэг/ барьж буян хийх нь ээ хөөрхий, за морь ч яахав, хүний нялх үр л хөөрхий байна даа. Хошууны нэрийг ч нэг мөсөн хөөдөх нь дээ гэж ярилцжээ.
Шаалуу дайчин их насны морьд явахад хурдан мориныхоо хүүхэддээ
-"За хүү минь энэ хөл, толгой хоёроос бусдыг нь нэмнэсэн "хээр бүүдэн" мориноос очихдоо ч, ирэхдээ ч бүү салаарай. Энэ хээр бүүдэнг зэрэгцэх юм уу өнгөлмөөр бол гөлмөө ташуураараа балбаж хашгирч гуугалаад байгаарай. Тэгэхэд аяндаа мэдэгдэнэ. Миний захиж байгааг мартаж огт болохгүй шүү" гэж захиад явуулжээ. Морь эргэх газар очоод нөгөө хээр бүүдэн морьтны дэргэд бууж олмоо чангалуулаад хамт мордож, морь ч эргэж хүүхэд ч нөгөө нэмнээтэй  хээр бүүдэн морьтой цуг гарч, мориныхоо амыг дийлэхтэй үгүйтэй тэвдэхийн зэрэгцээгээр нөгөө морио харсаар л явж газрын тэг дунд орж байх үед хоёулхнаа явж байжээ. Өөр нэг ч морины бараа алга гэнэ. Хээр бүүдэн морийг өнгөлмөөр болоход мань хүүхэд дайчингийхаа хэлсэн ёсоор гөлмөө буруу зөвгүй балбаж гуугалахад хээр бүүдэн морь сууж, хоцорсхийгээд чимээгүй болохоор ахиж гүйцэж ирээд л байж. Барианы газар дөхөх тутам ээлжийг тааруулж өөрөө өнгөлсөөр яваад хар саарал морь түрүүлж хээр бүүдэн ард нь ойрхон аман хүзүүдэж бусад морьдын түрүүч тэр хоёрын хөлсийг хуссаны дараа гарч ирж байжээ.
Хошууны наадамчид бөөн баяр болж байтал Шанзавын яамны тахар ирж Говь түшээ гүний хошуу ноёныг дуудсанд очвол яамныхан, "За хөө энэ хээр бүүдэн морь дааган наснаасаа даншигт аман хүзүүдэж үзээгүй морь доо. Чи энэ моринд хараал хийлгэж хорио тавьсан байна, банздана, торгоно" гэж л хэлэлцэхдээ тулахад ноён цөсөө хагартал айж "Ээ тэнгэр минь өршөөж хайрла, тогтож айлд. Миний үнэн үгийг сонсоод болгоон тунгаана уу" гээд "би мэдэх юм алга, манай уяачдын даамал Шаалуу дайчин гэдэг хүн л мэднэ байх. Түүнийг дуудаж ирүүлэх арга байна уу, энэ хар саарал морийг манай тэр хүн зуур замдаа ирж явахдаа нэг хятад тэргэндээ хөллөж явсан морийг аваад оронд нь хурдан хүрэн гэдэг морийг минь өгсөн. Надад өөр мэдэх юм алга" гэж үнэнээ өчжээ.
Яамныхан Шаалууг авчирч асуужээ. Тэр ер айсан шинжгүй "Би тэр хараал гэдгийг чинь мэдэхгүй. Танай энд тэгдэг улс байдаг юм байж дээ. Усанд унагасан унагаагүй хоёр мал хоорондоо их зөрүү бий дээ" гэхэд цаадуул нь учрыг лавлавал Шаалуу дайчин:
"Энэ хээр бүүдэн морийг унага юм уу, сарваа байхад худаг юмуу, их усанд унагаж дуу чимээ болж байж үхэхийнх нь даваан дээр авсан юм билээ. Тэрнээс хурдан морь аргагүй мөн. Гэхдээ "хөндий цээж", "үүдэн цөл" алин ч биш байхаа" гэжээ. Тэгээд би манай хар сааралтай үзэлцэх морь энэ хээр бүүдэн байна гэж санаад хүүхэддээ хэдэн үг захисан нь оносон байна лээ. Хурдан морийг хайрлах юм бол эхийн хэвлийд байхаас нь эхэлж хамгаалж байж бойжуулдаг юм даа гэж нэмж хэлжээ. Тэгэхэд хээр бүүдэн морины эзэн нь ирсэн байж, тэр хүнээс учрыг лавлахад энэ морийг хөрөвжсөн унага байхад нь усанд алах шахсан юмаа. Уг нь энэний эх дөмөг удамтай гүү болохоор эр унага байсанд моринд дуртай болоод уснаас амьд авах гэж маш их сандарч, уурга мод, олс бугуйл, дуу шуу болж байж арайхийж авсан юм гэж хуучилжээ. Ингэхэд яамныхан Шаалуугаас:
Та манай морийг яаж мэдэв? гэж асуусанд:
1-рт: майханд байхдаа чимээ сонсоод хөл нь чичирч байсан.
2-рт морь гарах гэж байхад их дуу чимээ гарсан талаасаа цочоод байсан шүү дээ гэж хээв нэг хариулжээ. Ингээд бүх үйл явдал үнэн болсонд Түшээ гүний хар саарал моринд түрүүлсний бай шагналыг өгч Шаалуу дайчингийн морь гоц таньдаг авьяасыг шагшин магтжээ. Ийнхүү Шаалуу дайчинг хар саарал мориныхоо бай шагналыг аваад ирэхэд хошууных нь наадамчид "Түмний эх" дуулж айргаар мялаажээ.
Шаалуу дайчин "Та нар энэ морийг үз дээ. Ийм хүлгийн баруун талын соёо голоороо угтаа хүртэл нүхтэй байдаг юм" гээд дэрс шургуулж үзүүлээд үүнийг "үүдэн цөл" хүлэг гэдэг юм даа. Тэр хятад манай майхан руу эргэхэд морь янцгаасан. Тэгэхэд үүдэн цөлийн дуу сонсогдсон учир би очиж үзээд үнэхээр мөн байхаар нь авсан юм гэж тайлбарлажээ.

Л.Сандуй

 

 

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна