Ямар морь вэ?

А.Тэлмэн
2012 оны 7-р сарын 06 -нд

Үүнд анхаарлаа хандуул ♦ Чухал зөвлөгөө ♦ Хэмжиж узэх ♦ Адууг унаж турших ♦ Галбир сайтай морь ♦ Юунаас зайлсхийх вэ?

Адууг хэмжих
Ерөнхийдөө морины өндрийг хэмжихэд жигд нэгэн хэвийн штанг / урт шугам/ хэрэгтэй. Үүний тулд урт шугамыг хөдөлгөөнгүй байлгаж, хэмжээг тогтоохын гулд хөндлөвчийг перпендикуляр  барих ёстой. Энэхүү зөөврийн штангаар сэрвээний хамгийн дээд түвшинг олж тогтоон энэ байрлалаас өндрийг хэмжинэ. Штангаар морины биеийн хэмжээсүүдийг гаргаж чадахгүй бол туузан метр ашиглан. Туузан метрийн туурайн тушаа барьж нөгөө үзүүрийг сэрвэээнд хүргэнэ. Штанг болон туузан метрээс гаргасан морины өндрийн хооронд хэдий чинээ их ялгаа гарна морь төдий хэмжээгээр том байна гэсэн үг. Хэрвээ морь тахтай бол тахны зузаан болох хоёр сантиметрийг өндрөөс хасаж тооцно.

Өөрийн морьтой байхын тулд мөнгө хөрөнгө, цаг завтай байх хэрэгтэй. Морь худалдаж авахаасаа өмнө морин сургуулийн морийг ашиглах буюу бусадтай хамтран энэ ажлыг эрхлэх нь арай хямд төсөр тусахыг бодолцох хэрэгтэй.
Бодолцох зүйл
Морь  худалдаж  авах  эсвэл морин сургуульд хувь нийлүүлэх шийдвэр гаргахын өмнө дараах асуултуудыг өөртөө тавь.
-Хэдэн   удаагийн   сургалт шаардлагатай вэ?
-Ямар төрлийн адууг /морийг/ илүүд үздэг вэ?
-Яаж,  хэр  их унаж ашиглах хэрэгцээтэй билээ?
-Уралдаан, тэмцээн эсвэл амралт зугаалгын морь авах уу?
-Авсан морио жүчээнд тэжээх үү,  байгальд нь бэлчээрлүүлэх үү?
-Морь чинь ганцаараа байх уу, сүрэглэн бэлчих үү?
-Худалдан авах боломтой үнэ хэд билээ?, хэдэн сар тутамд тахыг нь солих,  малын эмчид ямар хугацаанд үзүүлж байх вэ?
-Өдөртутамтэжээх, салхилуулах, угааж цэвэрлэх, хэвтэр хомоол хогийг нь цэвэрлэх   ажлыг хэн гүйцэтгэх вэ?
-Өвдвөл хэн арчилж асрах вэ?
 
ЧУХАЛ АСУУЛТУУД
Хэрэв та худалдаж авахаар нэгэнт шийдсэн бол дараах асуудалд анхаарах хэрэгтэй. Үнэ: Сэжигтэй юмуу эргэлзээтэй тохиолдолд гурав дахь этгээдийг оролцуулах хэрэгтэй. Худалдан авахаар тохиролцохын өмнө авах морио унаж үзэх, малын эмчид үзүүлэх шаардлагатай.
Хэв шинж: Унах морь гурван хэв шинжид хуваагдана. Тайван найдвартай    ихэвчлэн хүйтэн цусны морьд, Хүч, хөдөлгөөн сайтай халуун цусны адуу,
Цэвэр цусны эрч хөдөлгөөн ихтэй буюу араб болон цэвэр үүлдэрийн хүлэгүүд гэж гурван шинжид хувааж үзнэ. Ийм морьдын биеийн хэмжээ ямар ч байж болно.
Хүйс: Гүүг унаанд сургах нь агт морийг сургахаас хэцүү байдаг. Мэдээж тэд өсөж үржих ёстой. Унага болон эр даагыг арчлах, маллахад илүү туршлага шаардагддаг учир жирийн худалдан авагчид тохиромжгүй.
Морины хэмжээ: Унасан хүндээ томдсон морийг жолоодоход бэрхшээл тулгардаг. Давжаа жижиг морьд хэзээ ч спортын болж хөгждөггүй ба байнга ачаалал нь хүндэдсэн байдалтай байдаг. Хүч чадалтай байхын тулд морь том биетэй бус илүү гоолиг зөв галбиртай байх нь чухал. Бат бөх ястай, зөв галбиртай, бага биетэй морь том биетэй эв хавгүй мориноос илд хүч чадалтай байж чадна. Жин: Адууг хэмжээ, биеийн галбир, шилбэний ясны өргөнөөр хөнгөн, дунд болон хүнд жингийн ангилна. Морины төлөв байдлын талаар шийдвэр гаргахад жин чухал хүчин зүйл болж чадахгүй.
Нас: Анхны морио авч байгаа бол дөрөв ба таван настай адууг сонгодоггүй, хэрэв сонговол тухайн адуу бие галбир сайтай, номхон байх шаардлагатай. Харин арван хоёртой адууг сонговол тэр нь онцгой сайн чадвар эзэмшсэн байх ба олон жил унаж эдлэх боломжтой байна.
Туршлага: Түүнчлэн морины өсөлт хөгжилтийн үйл явц, зохих ёсоор сургасан эсэх, ачаалал даах чадварыг сайн судална. Өмнө тухайн морь өөр эзэнтэй байсан эсэх, байсан бол хэдэн гар дамжсан бэ гэдгийг мэднэ.
Үүлдэр: Хэрвээ цаашид өсгөж [ржүулэх гүү худалдан авч байгаа бол үүлдэр угшил гол үүрэгтэй. Уралдаанд оролцдог хүн тухайн төрөлд хамгийн их амжилт үзүүлж чадах спортын морь худалдан авах гэж байгаа бол үүлдэр угшилд ихээхэн анхаарна.
Морин спортын зарим төрөлд тодорхой үүлдэрийн морь тохиромжтой байдаг.
Ааш араншин: цовоо сэргэлэн гэж сурталчилж байгаа морь хөөрөл цочроо ихтэй байж болзошгүй, тайван номхон гэгдсэн адуу залхуу хашин байж болох юм. Морийг унаж үзэхдээ ямар амгай зүүлгэснийг анхаар. Энгийн хийцтэй амгайтай бол тухайн морийг жирийн нөхцөлд унаж эдэлж сургасны шинж. Эндээс сайн сургасан моринд амгайг буруу сонгосон эсэх нь харагдана.
Хортой зуршил: Хазаж, тангарах зэрэг ааш гаргадаг дуулгаваргүй догшин морьдын тухай энд ярихын ч хэрэггүй. Дээд үүлдэрийн хааяа нэг тангардаг буюу айж цочдог морийг уучилж үзэж болно. Харин явдал дундаа толгойгоо хаялдаг, хий хазаж явдаг морийг шууд жагсаалтаас хасах хэрэгтэй.
Эрүүл мэнд: Морь өвчилж байсан эсэх, гэмтэл авч байсан уу, доголж байсан уу, дараа нь асуудал үүсгэж болох төрөлхийн ямар нэг согогтой юу гэдгийг нарийн судална. Үендээ хавдартай бол ачаалал хэтэрсний шинж. Түүнчлэн үе, шөрмөс бүдүүрсэн, шилбэ ясан дээрээ хатуурч товойсон бол мөн хэт ачаалалтай байсны тэмдэг юм.
САЙН МОРЬ ЭРЖ ХАЙХ
Морины тухай мэдээдлэл олж авахын тулд туршлагатай адуу сайн мэддэг хүнийг дагуулж явах ёстой. Юуны өмнө жүчээний байдалтай танилцана. Морийг хэрхэн тэжээж байгаагаас анхны сэтгэгдэл төрдөг. Цаашлаад хөлнүүд цэгц цэвэрхэн байна уу, хавдар товруу байна уу гэдгийг ажигла. Тэгээд морийг жүчээнээс гаргаж тайван зогсоогоод бүх талаас нь шинжинэ. Цулбуурыг гартаа барин тойргоор хатируулж үз. Дараа нь өөрөө унаж үзэх хэрэгтэй ба эцэст нь, эмээл хэрэглэлд анхаарлаа хандуулж, хөлөнд нь хамгаалах шилбэвч байгаа эсэхийг харна. Морийг унаж турших үедээ морины зан . араншин, дуулгавартай эсэх, тушаал дохиог дуртай, нягт нямбай гүйцэтгэж байгаа эсэх, явдлаа хэрхэн сольж байгаа болон харайлтыг ажиглана. Худалдан авагчид морь таалагдаж  байгаа бол өөрөө унаж үзэх хэрэгтэй. Түүнчлэн морийг туршихийн тулд ганцаар болон бусад морьдын хамт богино аялал хийвэл зохино. Шинэ морь унахдаа өөртөө итгэлтэй байх ёстой. Хэрвээ ямар нэг зүйл таалагдаагүй бол шууд худалдан авахаас татгалзах хэрэгтэй. Учир нь тухайн мориноос өөр дутагдал илэрч болзошгүй.
ГАДААД ТӨРХ
Хэрэв морь зөв сайхан галбиртай бол хүч сайтай, залж жолоодоход хялбар, гэмтэл авах нь бага, зөв, хөнгөн явдалтай байдаг. Жишээ нь, харайлт хийхэд хойд хоёр хөлөесөө түлхэлт авдаг учир морины гуяны булчин сайн хөгжсөн байх ёстой. Төгс гадаад төрх гэж байхгүй, жижиг дутагдлуудыг морины бусад шинж чанар нөхдөг. Харин гадаад шинжийн том дутагдал илэрвэл морийг худалдан авахаас татгалзахаас өөр аргагүй. Учир нь, цаашдаа ачааллыг нэмэгдүүлэхэд эрүүл мэндийн талаар асуудал үүсч болзошгүй. Хөдөлгөөний төрөлхийн тэнцвэр, чөлөөтэй алхаа гишгээ, хүч чадал нь гадаад төрхөөс илүү ач холбогдолтой. Нөгөө талаас, биеийн зөв бүтэцтэй морь ачааллын хатуу шалгуурыг амархан хүлээн авах чадвартай байж болох юм. Ихэнх тохиолдолд зөв галбиртай морь илүү сайхан алхаа гишгээтэй байдаг.
Толгой: Толгой нь адууны биетэй зохицсон байх ёстой. Хэт том толгойтой бол морины гадаад төрхийг эвддэг. Нүд нь том, тунгалаг байвал сайн.
Хүзүү: Хүзүү урт, гоёмсог дугуйрсан, биедээ сайхан сууж өгсөн байвал зохимжтой. Богино, бүдүүн, шулуун хүзүү биеийн тэнцвэрийг алдагдуулна. Нөгөө талаас, хэт урт хүзүү амьсгалд бэрхшээл учруулж болзошгүй. Бугынх шиг хүзүүтэй, хүзүүныхээ доод хэсэгт их булчинтай морийг залж жолоодоход хэцүү. Морины хоёр далавч нь босоо байвал урд мөчний хөдөлгөөнийг хязгаарладаг. Сэрвээ өндөр бол эмээлийн урд бүүргэнд дарагддаг ба хэт нам бол хоёр далны хөдөлгөөнийг хязгаарлана. Намхан сэрвээтэй морин дээр эмээл тохоход урагш, хажуу тийш гүйж, мултарч унах магадлалтай.

Цээж
Өргөн уужим цээж нарийнаасаа илүү. Уужим цээжтэй байх нь уушиг зүрхэнд илүү орон зай өгдөг. Нарийн цээжтэй морины ачаалал даах чадвар мэдэгдэхүйц сул байна. Далавчны булчин товойж харагдвал сайн.
НУРУУ БА ХОНДЛОЙ
Богино нуруу ихэнх тохиолдолд илүү хүчтэй боловч уян хатан чанар султай. Уралдааны морьд хөдөлгөөний уян хатан чанартай байхын тулд урт нуруутай байвал зохимжтой. Адуу бүсэлхийн булчингаасаа хүч авдаг тул түнийг сайн шинжих хэрэгтэй. Урт, нарийн бүсэлхий уян зөөлөн чанарыг илтгэх тул ачаалал даахдаа муу. Хойд хөл ташаанаас дунд үе хүртлээ хангалттай, урт булчинлаг байх ёстой. Хондлой намхан, булчингийн хөгжил сул бол хурд, хүч муутайг илтгэнэ. Нөгөө талаас конкур тэмцээнд ашн морь хондлой багатай, гүн суусан сүүлтэй байдаг. Аялал зугаалгын морины хондлой намхан  бол дөрвөн хэмнэлт явдал хийхэд илүү зохицсон байна. Ташаа зөв тэгш хэмтэй, гуя бөөрөнхий байх нь сайн шинж тэмдэг.
ИХ БИЕИЙН УРД ХЭСЭГ
Зогсож байгаа адууны жингийн 60 хувь нь урд хөлүүд дээр төвлөрдөг учир урд хөл төгс хэлбэртэй байх ёстой. Хөлийн дээд хэсэг нь урт, төвгөр булчинтай байвал сайн. Урд хөл их биеийн жинд зохицсон бүдүүвтэр байх ба шилбэ рүүгээ нарийсна. Шилбэ нь өөрөө шулуун, цэвэрхэн байх ёстой. Урд хөлийн шилбэ хойш тавигдан, биеийн жингийн ихэнхийг өөр дээрээ авсан бол сунах шөрмөсөнд хэт ачаалал өгч асуудал үүсэх магадлалтаи. Хөлийн шөрмөс , холбоосууд харагдахуйц, гарт мэдрэгдэхээр байх ёстой. Буруу тавилттай, муруй урд хөл нь нэлээд том дутагдал юм. Учир нь үе шөрмөсүүд хэт ачаалагдсанаас болоод ажлын чадвараа алдахад хүргэнэ. Шагайны үе товгор, мэдэгдэхүйц байх ёстой боловч бөөрөнхий, хэт зөөлөн бол муу. Хөлдөө хавдартай бол адуу өвчилсний шинж. Шагайн үе урт, зөөлөн байвал хүч муутай боловч ачааллын хүндийг саармагжуулж, явдлыг зөөлрүүлэх үүрэгтэи байна.
ИХ БИЕИЙН ХОЙД ХЭСЭГ
Хойд хөл бол адууны « хөдөлгүүр » юм. Ташаа урт, булчинлаг, хүчтэй, хөлийн дунд үе нь өргөн, том, зөв хэлбэртэй бол сайн. Хойд хөлийн дунд үе нь хоорондоо ойрхон, хөл нь шулуун бус гадагш тавигдсан, хойд хөлийн туурайнууд ойр тавигдсан, хөл нь дугуй хэлбэртэй бол буруу гэж үздэг. Хойд хөл хадуур хэлбэртэй бол үен дээр омруу үүсэх магадлал өндөр. 
ТУУРАЙ
Туурайг маш нарийн үзэж шинжих хэрэгтэй. Туурайнууд адил хэлбэртэй байх ёстой. Туурайн хананы зураас товгор, ул төмбөгөр байвал сайн. Туурайн хана уян хатан боловч хагараагүй байна. Шивнуүр? нь туурайн дээр ирэх ачааллыг зөөлрүүлэх үүрэгтэй тул бэх бат байх хэрэгтэй. Зогсож байгаа морины туурай хоорондох зай янз бүр байж болно. Туурайн ул хэт хавтгай бол үрэвсэл үүсч, улмаар хөл доголох аюултай.
Хөдөлгөөний МЕХАНИЗМ
Тэнцвэр сайтай морь жигд, шулуун явдалтай байдаг. Хурдан явдалын хувьд гишгэдэлийг анхаарах хэрэгтэй. Гишгэдэл хол, ямар ч гадаргуу явахад зохицсон байх ба хөлөө чирэх нь буруу. Хойд хөл нь урд хөлийнхөө мөрийг давж гишгэж байвал сайн.
«МУУ ЗУРШИЛТАЙ» АДУУ
Морь нөхөрсөг араншинтай байх нь нэн чухал. Нүд том, харц нь нөхөрсөг байхаас морины тухай анхны сэтгэгдэл төрнө. Чихээ урагш сортойлгон, хүнд найрсаг итгэмжтэй хандаж байгаа адуу, нуруугаа харуулан буруу харж зогсох ямар ч амьтнаас хамаагүй илүү аятайхан сэтгэгдэл төрүүлнэ. Өмнө нь буруу харьцаж байсан буюу буруу ойлгосноос танд итгэлтэй хандахгүй байгаа адууны итгэлийг олж болно. Үүний тулд цаг зав, тэвчээр шаардлагатай боловч эрсдэл хэвээр үлдэнэ. Дараахь араншин морины үнэ цэнийг ихээхэн бууруулна.
-Хазах, тангарах ба догшрох.
-Итгэлтэй биш төрх, хий хазах, явдал дундаа толгойгоо хаялах зэрэг нь морьтой буруу харьцсаны шинж тэмдэг ба засаж залруулах боломжгүй.
-Амархан цочирдог морь зогсоол дээрээ байнга хөдөлж холхиж байдаг.
-Барих, эмээллэхэд хэцүү морийг ойлгож, нөхцөл байдлыг нь мэдэхэд ихээхэн тэвчээр шаардагдана.
-Чихээ хойш хулмайлгаж, эмээллэх буюу олом татангуут урагш хөдлөхийг завдаж байгаа бол айх буюу өвдсөний шинж тэмдэг ба нэг бол түүнийг хэтэрхий түргэн  эмээллэсэн эсвэл нуруундаа гэмтэлтэи гэсэн үг.
МОРЬ УНАХАД ҮҮСЭХ БЭРХШЭЭЛ
-Хамгийн өчүүхэн өдөөлтөд тангарч байгаа морь бусад морь болон унасан хүндээ аюултай. -Бөөндөө давхиж байхад буюу хөөрөлд орсон үедээ бусад морьдын дундуур шургаж ордог муу зуршил. Ийм зуршилтай адуу үрагш зүтгэлэн бусад морьдыг хажуу тийш түлхэлдэг. -Эмээллэхэд тайван биш байгаа бол муу сургасан эсвэл нуруундаа өвчтэйн шинж.
-Цочсондоо гэнэт эргэдэг морийг шийтгэж засахгүй бол муу зуршил болох магадлалтай. Туршлагатай адуучин ийм дуулгаваргүй байдлыг засаж чадна.
–Булгиж эзнээ  унагаасан морь цаашдаа ямар нэг зүйд таалагдахгүй буюу эвгүй байх, залхаж ядрах зэрэгт дахин дахин булгидаг болно. Булгиаг муу зуршил болон хэвшүүлэхгүй байхын тулд өөртөө итгэлгэйгээр моринд мордож дуулгаваргүй байдал гаргуулахгүй байх хэрэгтэй. Үүнээс өмнө туршлага муутай хүн ийм морийг унах хэрэггүй.
-Цочроо ихтэй морийг сургахдаа алдаа гаргаснаас дуулгаваргүй болдог. Ийм морь дохио, тушаалыг үл биелүүлэн, зогсоох оролдлогыг хайхралгүй, авч давхидаг. Байнга авч давхидаг морь аюултай бөгөөд түүнийг унах хэрэггүй.
-Ухарч гэдэлздэг морь бас аюултай. Байнга буюу хааяа ийм зан гаргадагаас үл хамааран энэ дутагдлыг засахад бэрхтэй ба ийм морийг худалдан авах хэрэггүй.
-Хашин зан бол маш эвгүй зуршил бөгөөд морь уяа жүчээ, бусад морь болон сүргээсээ холдох дургүй байна гэсэн үг. Ийм үедээ хойд хөл дээрээ босох, тангарах, цаашаа явахгүй зогсох зэрэг араншин гаргавал аюултай. Айдас, итгэлгүй байдлаас үүсдэг энэ дутагдлыг морийг зарахаас өмнө засах ёстой. -Жолоогоо дугтарч урагш давхих дохио өгөхөд хөдлөхөөс байнга татгалздаг моринд болгоомжтой ханд. Ийм зантай морийг сургахад алдаа гаргасан байж болох авч морины эрүүл мэндийн байдалтай холбоотой байж болзошгүй. Ийм зантай морийг зөв явж сургахад хэдэн сар, жил ч өнгөрч болно. Дохио өгөхөд биеэ бариад, яахаа мэддэггүй ийм морийг унахад төвөгтэй, ядаргаатай байдаг.
 

 

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна